Финландаас тээж авчирсан туршлага - Сурагчдын гадаа салхилалт
- admin admin
- May 14, 2018
- 3 min read
Updated: Mar 25, 2022

Финландад 3 сургуулиар зочилж, 9 хичээл ажиглаж, 3 захиралтай нээлттэй хэлэлцүүлгүүд хийж, ер нь яаралгүйгээр тайван гэгч нь тус 3 сургуульд нэгжлэг хийж, багш ажилчдаас нь шалгаан байцаах процессыг ихээр хийсэн гэхэд болно. Мэдээж тэнд манайхаас илүү олон зүйл байх ч бидэнд тэднээс дутахааргүй, мөн илүү байхаар зүйлүүд ч байсан. Өөрийн зүгээс сургууль дээрээ хэрэгжүүлж, үр дүнг нь харахыг хүссэн хэдэн зүйл онцолж ирсний нэг нь ЗАВСАРЛАГААНЫ ЦАГААР СУРАЛЦАГЧДЫГ ГАДАА ТОГТМОЛ ГАРГАХ НЬ байлаа.
Муухай цаг агаар гэж байхгүй, харин түүнд тохироогүй хувцас л гэж байдаг.
Финландын бага боловсролын багш нар бага ангийн суралцагчдыг агаар салхинд тогтмол гаргаж тоглуулах нь тэднийг хичээлдээ илүү дур сонирхолтой, идэвхтэй оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Тиймээс бага ангийн суралцагчид нь цаг агаарын ямар ч нөхцөлд (бороотой, цастай, шавартай, хүйтэн, халуун) сургуулийнхаа гадаа талбайд бүх завсарлагааны цагаар заавал гарч тоглодог. Гарахгүй байх өдөр ерөөсөө байдаггүй. Янз бүрийн цаг агаартай нүүр тулах нь бас л хүүхдүүдэд хэрэгтэй, муухай цаг агаар гэж байхгүй, харин түүнд тохироогүй хувцас л гэж байдаг хэмээн ярьж байлаа. Суралцагчид сургууль дээрээ аль ч цаг агаарын нөхцөлд өмсөхөд бэлэн хувцаснуудаа авчирсан байсан. Борооны цув, нимгэн, зузаан хүрэм /куртка/, малгай, бээлий гэх мэт… Норсон бээлий зэргийг хэц татан тохсон харагдаж байв.
Финландад нэг цагийн хичээл 45 минут үргэлжлэх бол завсарлагаа 15 минут үргэлжилнэ. Харин үдийн хоолны завсарлагаа нь 60 минут. Бидний очсон бага сургуулиудын хувьд бага ангийн суралцагчдыг гадаа гаргахад багш нар нь долоо хоногоор ээлжилдэг бөгөөд нэг удаадаа 2 багш нь 20 минутаас хэтрэлгүй солигдож байв. Хүүхдүүдийг салхилуулж байгаа багш нарын байдлыг нь харахад чин сэтгэлээсээ, ээж хүмүүс өөрийгөө ч үл тоон хүүхдүүддээ олдох сайн сайхан боломжийг аль болох үр дүнтэй ашиглан, жаахан ч гэсэн агаар салхи амсуулахсан гэдэг тэр л сэтгэлээр салхилуулж байгаа нь хамгийн сайхан зүйл байлаа.
Манай сургууль хэрхэн тусгаж авч болох талаар:
Финланд бол харьцангуй цаг агаар сэрүүхэн, бидний байсан 4 сарын 15-наас 21-ний хооронд гэхэд миний хувьд Монголд 11 сар хавьцаа өмсдөг намар өвлийн завсрын куртктэй, ороолттой байсаар ирсэн. Интернэтээс сонирхож харахад Финландад хамгийн халуун нь зуны 7 сард ойролцоогоор 13-17 градус байдаг бол хамгийн хүйтэн 2-р сард -3 аас -22 градус байдаг гэсэн судалгаа харагдаж байна. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай гэдгээрээ халуун, хүйтний температур мэдээж эднийхээс их байдаг сарууд олон. Гэхдээ бид эцэг эхчүүдтэйгээ зөвлөлдөөд, намар 10 сарыг дуустал, хавар эртхэн 2 сарын эхнээс ч юмуу хүүхдүүдээ тогтмол салхинд гаргаж байхад болохуйц юм гэж багш нар маань эхний ээлжинд зөвлөлдсөн. Мэдээж хүүхдүүдээ гаргахгүй байх тодорхой шалтгаантай эцэг эхчүүд байх бол суралцагч ангидаа үлдээд завсарлаж болно. Манай сургуулийн байршлын давуу талаас үүдэлтэйгээр Улаанбаатарын утаатай сарууд бидэнд хамааралгүй байдаг нь сайхан. Манай сургуулийн хувьд хоолны урт завсарлага 50 минут байдаг, 1-5-р ангиуд 2 ээлжээр зөрж завсарладаг. Явж ирээд Финландын энэхүү нөхцөл байдлыг ярьснаас хойш бага ангийн мундаг багш нар маань өөрсдөө санаачлан 50 минутын завсарлагаанаар суралцагчдаа тогтмол гадаа гаргаж, өөрсдийнх нь тааваар тоглуулж байна.

Өнгөрсөн 3 долоо хоног орчмын хугацаанд 1-5-р ангийнхан их завсарлагаанаар ойролцоогоор өдөр болгон 20 минутыг гадаа тоглож өнгөрөөснөөр анзаарагдаж эхлээд байгаа зүйлсийн талаар бага ангийн багш нар маань ийнхүү ярьж байна.
Завсарлаад орж ирсний дараа хүүхдүүд маш их эрч хүчтэй, сэргэлэн цовоо, өглөө эхний цаг дээр оролцож байгаагаас ялгаагүй бүрэн сэргэж чадсан байдаг.
Хүүхдүүдийн хоорондын харилцаанд илүү их өөрчлөлтүүд орж, хоорондоо маш их нөхөрсөг болж байна.
Ангидаа завсарлагаанаар чимээгүй суух гээд байдаг байсан хүүхэд гараад ангийнхантайгаа чанга чанга орилоод л тоглоод байдаг болсон нь их сайхан байна.
Хүүхдүүд гэж бөөн эрч хүч шүү дээ, тэрийг нь сайн гаргахгүй бол заримдаа хичээл дээр асуудал тарих гээд л, ялангуяа гадаад багш нарын хичээл дээр хөөцөлдөж гүйх зэрэг асуудлууд гардаг байсан бол тэр нь үгүй болж байна. Эрч хүчээ гадаа тоглоод зарцуулчихаад байгаа болохоор хичээлдээ анхаарах анхаарлын төлөвлөрөлт нь илүү сайжирсан.
Үдийн хоолоо огт үлдээлгүй бүрэн идээд гардаг болсон. Гадаа гараад хөөцөлдөөд тоглож байгаа болохоор хоол нь их сайн шингэж байх шиг байна.
Гадаа гарахдаа багаар маш их тоглодог болсон, гарахаасаа өмнө өөрсдийгөө багуудад хуваагаад, ер нь өөрсдөө мэдээд ямар нэг зүйлийг зохион байгуулах дуртай болчихсон. Нэг нэгнээсээ тоглоом сайн сурч байна. Дээс, чартаа, гинж таслах, тэнцвэрийн тоглоомууд зэргийг их сурч байна.
Comments