Бид амжилтыг юугаар хэмжээд байна вэ?
- Apr 5
- 2 min read
Updated: Apr 6
Тэтгэлэг, тэнцэлт, тэгвэл цааш нь яах вэ?
Сүүлийн жилүүдэд гадаадын их сургуульд тэнцсэн, тэтгэлэг авсан тухай мэдээллүүдийг харах бүрт нэг асуулт байнга бодогдох боллоо... бид амжилтыг яг юугаар хэмжээд байна вэ?
"Тэр хүүхэд гадаадын их сургуульд тэнцлээ", "Өндөр хувийн тэтгэлэг авлаа" гэсэн мэдээ олон нийтэд цацагдах үед эерэг, урам өгсөн сэтгэгдлүүд урсдаг. Энэ бол тэгэх ч ёстой зүйл мөнөөс мөн билээ. Учир нь үүний цаана олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр, тууштай байдал байсан нь хэнд ч тодорхой юм.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нэг зүйл анзаарагдаж эхлээд байна.
Тэнцсэн тухай мэдээ олон.
Харин цааш нь юу болдгийг бид тэр бүр ярьдаггүй.
Яагаад?
Тэтгэлэг авсан нь заавал цааш суралцах боломж бүрдсэн гэсэн үг биш
Бодит байдал дээр 90 хүртэлх хувийн тэтгэлэг авсан ч үлдсэн байр, хоол, амьжиргааны зардал дээрээ гацаж, эцэст нь явах боломжгүй болох тохиолдлууд цөөнгүй бий. Энэ нь зөвхөн Монголд биш, дэлхий нийтийн нийтлэг асуудал юм.
Дэлхийн статистикаас харвал:
Сургалтын төлбөр, байр, хоол бүгдийг хамарсан бүрэн тэтгэлэг авдаг оюутан нийт суралцагчдын маш бага хувийг буюу ойролцоогоор 0.1%-ийг эзэлдэг (Bold.org, 2025). Олон нийтэд "тэтгэлэг" гэдэг нь бүрэн санхүүжилт авсан мэт ойлгогдох нь элбэг. Гэвч бодит байдал дээр ихэнх тохиолдолд тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг л хамардаг.
АНУ-ын судалгаагаар хамгийн бага орлоготой гэр бүлийн оюутнуудын хувьд тэтгэлэг болон бусад дэмжлэгийг тооцсоны дараа ч сургалтын зардлыг гэр бүлийн жилийн орлогын ойролцоогоор 150%-тай тэнцэх хэмжээгээр санхүүжүүлэх шаардлага үүсдэг (IHEP, 2023).
Монголын хувьд ч энэ дүр зураг ялгаагүй. Зарим хөтөлбөрүүд сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог ч амьжиргааны зардал, байрны төлбөрийг суралцагч өөрөө хариуцна. Тиймээс тэтгэлэг гэдэг нь цогц шийдэл биш, харин боломжийн нэг хэсэг юм.

“Тэнцсэн” ба “явсан” хоёрын хооронд үлддэг хүүхдүүд
Олон жил төгсөгчдөө ойроос харж ирсэн хүний хувьд ийм нөхцөл байдал тодорхой хэмжээнд ажиглагддаг.
Зарим сургууль, сургалтын төвүүд тэнцэх үйл явцад ихээхэн оролцдог нь анзаарагддаг. Гэвч шинэ орчинд очсоны дараа хүүхэд өөрөө бие даан суралцах, дасан зохицох шаардлагатай тулгардаг. Тэр үед бодит суурь мэдлэг, бие даах чадвар л цаашдын замыг нь тодорхойлно.
Энд хамгийн чухал нэг зүйл бий... тэр бол хүүхдийн сэтгэлзүй.
Олон нийтэд “тэтгэлэг авсан”, “тэнд тэнцсэн” гэх мэтээр өргөн хүрээнд зарласны дараа, хэрэв боломж нь бүрдээгүй бол тухайн хүүхэд ямар мэдрэмжтэй үлдэх вэ?
Энэ асуултыг бид зайлшгүй бодолцох ёстой.
Амжилтыг өөр өнцгөөс харах цаг болжээ
Тэтгэлэг авах нь эхлэл. Гэхдээ эхлэл дангаараа хангалтгүй.
Тэр боломжийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, шинэ орчиндоо дасаж, өөрөө суралцаж, өөрийгөө авч явж чадсан тэр зам л амжилтыг тодорхойлдог.
Энэ нь зөвхөн академик бэлтгэлийн тухай биш.
Ганцаардал, дарамт, соёлын ялгаатай орчинд дасан зохицох... гэх мэт энэ бүхэн амар биш. Ийм үед хүүхдэд илүү их дэмжлэг, сэтгэлийн хат хэрэгтэй болдог.
Тэгвэл бид юу хийж чадах вэ?
Эцэг эхийн хувьд хүүхдийнхээ "тэнцсэн", "тэтгэлэг авсан" гэдгээс цааш харах нь чухал.
Явах нөхцөл бүрдсэн үү?
Шинэ орчинд дасан зохицоход ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
Эдгээр асуултыг хамт бодолцох нь хүүхдийнхээ жинхэнэ амжилтад хамгийн ойр байх арга юм.
Сургуулиудын хувьд бид амжилтыг хэрхэн ярьдаг талаараа өөрчлөлт хийх шаардлагатай байна.
“Тэнцлээ” гэдэг мэдээний ард “явж чадав уу”, “дасан зохицов уу”, “төгсөв үү” гэсэн асуултууд бий.
Тэр асуултуудыг ч мөн адил чухалчлан ярих цаг болжээ.
Тэтгэлэг, тэнцэлт бол эхлэл.
Харин түүнийг дааж, үргэлжлүүлж чадсан зам л жинхэнэ амжилт.



Comments