top of page

Төгөлдөр хуур шалгалтын оноонд нь нөлөөлсөн гэж итгэдэг хүүгийн ээжээс...

Updated: Mar 31, 2022



2010 он - Банкнаас анхны цалингийн зээлээ ЗОРИГТОЙГООР авсан өдөр…

Тухайн үед зээл авч, яамаха төгөлдөр хуур авна гэдэг тийм амар шийдвэр байгаагүй юм. Биелэгдээгүй мөрөөдлөө хүүгээсээ олж харах гэсэн ээжийн ХҮСЭЛ магадгүй ШУНАЛ томоохон нөлөөлөл үзүүлсэн байх. Хүсэл-шуналын эцсийн буулт нь гэхдээ ТОМ ӨГӨӨЖ өгч буйг жил ирэх тусам мэдэрсээр яваа ээж байна.

Эхний 1 жил гаран нөгөө шинэхэн төгөлдөр хуураа огт ашигласангүй, ашгүй тэгж байтал гэрийн багштай болох учраа олсноор хүү маань зунаас бусад үед долоо хоногт 2 удаагийн давтамжтай хичээллэж эхэлсэн юм. Хичээлээсээ өөр үед хүү огтхон ч төгөлдөр хуураа тоглохгүй, багш нь ч хүчилж битгий тоглуулаарай өөрөө аяандаа дурлаад ирэхээрээ тоглоно гэж сануулж байсан болохоор би ч огт шахдаггүй байсан. Өөрөө хөгжимдөө дурлаад өглөө оройдоо сайн дураараа тоглож эхэлсэн хугацаа нь 4 жилийн дараагаас тохиож билээ. Чамгүй урт хугацаа шүү… Магадгүй энэ хугацаанд би хүүгээ ойлгохгүй за нэг тоглоод үзүүлээтэх, төгөлдөр хуур авч өгсөн биз дээ (хамгийн инээдтэй нь хүүхэд нь өөрөө төгөлдөр хуур авч өгөөч би төгөлдөр даръя гээгүй, ээж асуулгүйгээр өөрийн хүслээ тулгачхаад шүү дээ), гэрийн багшаар хүртэл заалгаж байхад юу ч сураагүй юм биш үү энэ чинь одоо гэх мэтээр бла бла гээд байсан бол хүү маань ЗАЛХААД аль эрт хөгжим гэдэг тэр томоохон ертөнцийг бүр мөсөн орхих байсан байх.


НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДУТУУ ОЙЛГОСНООС ХИЙСЭН ЭЦЭГ ЭХИЙН ҮЙЛДЭЛ ЗАРИМДАА ХҮҮХДИЙГ ЗАЛХААХАД ХҮРГЭЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ГАЛЫГ НЬ ҮГҮЙ ХИЙХЭД ХӨШҮҮРЭГ БОЛДОГ БАЙХ БОЛОМЖТОЙ.

Бага ангид нь хүүхдээ дэмжээд төгөлдөр хуурын хичээлд явуулж буй эцэг эхчүүд нэлээд байдаг ч хүүхэд нь төгөлдөр хуураараа тууштай хичээллэж буй нь харьцангуй цөөн байх шиг санагддаг. Тиймээс анхнаасаа төгөлдөр хуур яагаад сурах гэж байгаа, сурвал ямар давуу талуудтай, сурахын тулд хэр их хугацаа хэрэгтэй гэх мэтээр мэддэг байвал зүгээр байх гэж санагдлаа. Миний хувьд бас л харанхуй эхэлсэн нэгэн ээж ч гэсэн сайн багштай таарсны ачаар замын дундаас буцалгүйгээр урагшаа явсаар л байна.

Том хүү маань 11 дүгээр анги хүртлээ багштайгаа хичээллэж байгаад их сургуулийн элсэлтэндээ анхаарч эхэлснээр төгөлдөр хуурын хичээллэлтээ зогсоосон. Хоёр дүүг та заавал төгөлдөр хуурт явуулаарай, миний хувьд төгөлдөр хуур тоглоод тогтоох, цээжлэх, унших чадвар илүү болсноос гадна гар нүдний координацийг зэрэг (нүдээрээ уншиж байхдаа гараараа тоогоо зэрэгцээд бодох гэх мэт) ашигласнаар тест дээр илүү хурдтай ажиллах боломж олдсон. Ингэснээр шалгалтууддаа сайн оноо авахад төгөлдөр хуур маш их нөлөөлсөн шүү гэж хэлснээр 2 дүү нь мөн л төгөлдөр хууртай нөхөрлөж эхэлсэн.

Хүүгийн маань төгөлдөр хуурын багш нь Болороо гээд мундаг бүсгүй бий. Блогоо бичих гээд багш руугаа мессеж бичиж, та Эрхэмээ, төгөлдөр хуур хоёрыг цөөн үгээр дүгнээд бичээд явуулаач гэлээ. Хариуд нь багш маань “Манай Эрхэмээгийн гол онцлог толгой их сайтай. Нэлээд дээд хэлбэрийн зохиол техникүүдийг хийж сурсан. Бичиг үсэг, нотоо эзэмшсэн. Төгөлдөр хуур дарж сурна гэдэг олон жил шаарддаг учраас уйгагүй зан суулгадаг. Тархи, зүрх, гар, хөл, биеийн эд эс бүрийг ажиллахыг шаарддаг. Тэмдэгт таних, төгөлдөр хуур дээр буулгах, хөдөлгөөний баримжаа, харааны хуваарилалт, хурд, мэдрэмж,… гэх мэт цааш тайлбарлах аргагүй олон зүйл зөндөө бий. Цөөн үгээр бол тархи, зүрх, мэдрэмжийн фитнесс урлаг юм даа.” хэмээн бичжээ. Багш маань үнэхээр төгөлдөр хуурын ач тусыг цөөн үгээр тов тодорхой бичжээ.

ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ ТАРХИ, ЗҮРХ, МЭДРЭМЖИЙН ФИТНЕСС УРЛАГ ЮМ.

Өмнөд Калифорнийн их сургуулийн “The Brain and Creativity Institute” институт 2012 оноос эхлэн 5 жилийн турш Лос Анжелос хотын Филармонитай хамтран хөгжмөөр хичээллэж буй хүүхдүүд дээр судалгаа хийхэд хөгжмөөр хичээллээд 2 жил болсон хүүхдүүдийн хувьд мэдээлэл хүлээж авах чадвар, хэл яриа болон унших чадварууд, тухайн орчин нөхцөлийг хүлээн авах сэтгэл зүйн чадвар зэрэг нь эрс сайжирч байсан байна.


Мөн Турк улсын Uludag University их сургууль нь 2019 онд 14 долоо хоногийн хугацаанд төгөлдөр хуураар хичээллэж байгаа хүүхдүүд дээр судалгаа хийжээ. Судалгааны 14 долоо хоногийн үеэр хүүхдүүд долоо хоногт 1 цагийн төгөлдөр хуурын хичээл хийсэн бөгөөд ингэхэд хүүхдүүдийн аливаа зүйлийг уншаад ойлгож авах хурд нэмэгдэх, анхаарал төвлөрөлт сайжрах нь нэмэгдсэн байна. Мөн өнгөний зүй тогтол олох чадвар нь статистик үзүүлэлтээр мэдэгдэхүйц сайжирчээ.


Төгөлдөр хуураар хичээллэж эхлэхэд хамгийн тохиромжтой насыг 6-9 нас гэж үздэг юм билээ. Энэ насны хүүхдүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргахаас илүү эцэг эхчүүдийн чиглүүлгийг голдуу авдаг. Тиймээс хэрэв та ч гэсэн хүүхдээ төгөлдөр хуураар хичээллүүлэх хүсэл байвал эргэлзэх зүйлгүйгээр зоригтой алхам хийгээрэй. Мөнгөгүй, цаг зав нь болохгүй гэж аливаа зүйлийг хойш тавих тусам нэг томоохон хаалгыг бүр мөсөн хаагаад түгжчихдэг. 2010 оны зээлээр авсан акустик төгөлдөр хуур маань өнөөдрийн байдлаар үнэ нь хамгийн багадаа 3 дахин өсчээ. Зориглоогүй бол тэр мөнгө өнөөдөр алга болсон л байгаа байх.


ГЭХДЭЭ энэ бүхний эцсийн үр дүн нь мөнгөөр үнэлж барамгүй ДЭНДҮҮ ИХ ҮНЭ ЦЭНТЭЙ зүйлийг манай гэр бүлд үлдээжээ. Тэр нь өнөөдрийн Эрхэмээ хөгжимд маш их дуртай, дотроо хүсч хийхээр тэмүүлж буй ирээдүйн салбарын ажлын чадварт хөгжмийн мэдрэмж ихээхэн давуу тал болохыг олж мэдсэн нэгэн болж төлөвшсөн явдал юм. 


bottom of page