top of page

Дэлхийн шилдэг их сургуулийг зорихуй



Дэлхийн шилдэг их сургуульд элсэн орох нь ганц таны ХҮҮХДИЙН ХҮСЭЛ биш харин танай ГЭР БҮЛИЙН ХҮСЭЛ байснаар илүү их боломжийг хамтдаа бүтээх болно.

Шилдэг их сургуульд сурч, төгсөх нь хүүхдийн тань ирээдүйг маш ТОДОРХОЙ болгож өгөх ч заавал тэнд л сурахгүй бол ирээдүйд амжилтгүй явна гэсэн үг огтоос биш билээ. Иймд гэр бүлийн хурлыг нухацтай хийж, хүүхэд тань явахад бэлэн эсэх, эцэг эхээс шалтгаалах санхүүгийн асуудал ямар байх зэрэг хүчин зүйлүүдийг тооцоолон шийдвэр тань янз бүрээр гарах боломжтой. Магадгүй хараахан бэлэн биш гэж үзвэл нэг жил өнжих буюу GAP жил авч илүү сайн бэлдэх, эсвэл Монголын их сургуульд сураад 2-р курсээсээ шилжих, бакалавртаа Монголд сурч, магистртаа явах зэргээр шийдвэрүүд ч гарах боломжтой. Манай гэр бүлийн хувьд эхний сонголт дэлхийн шилдэг их сургуульд орохын тулд маш их хичээх, гэхдээ орж чадахгүй бол үнэхээр их хичээсэн учраас огт харамсахгүй байх, тэгээд эцэст нь ямар ч байсан гадагшаа боломжийн дундаж үзүүлэлттэй сургуульд ч гэсэн явъя гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт нөлөөлсөн гол зүйл бол Монголын өнөөгийн их сургуулиудын сургалтын чанар юм. Магадгүй бидний хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт байгаа бусад Z үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн бардам алхах боловсролыг энд олж чадах байсан бол ямар ч эцэг эх харь нутаг руу хүүхдээ явуулж, араас нь сэтгэлээ чилээх хэрэг юу байх билээ.

ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИЙН ХААЛГЫГ ТАТАХААР ШИЙДСЭН Л БОЛ ТАНЫ ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХАМГИЙН ХАМГИЙН БҮР ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮМ.

Харин тэр их хичээл зүтгэлийг замд нь ЯДРААХГҮЙ, ШАНТРААХГҮЙ, САРНИУЛАХГҮЙ байх тал дээр эцэг эхчүүд бид бат бөх зогсох нь юу юунаас илүү чухал. Энэ шалгалтаа өгөхөө больдог юм уу, энэ хичээлийг сонгохоо больдог юм уу гэх мэтээр хүүхэд тань замаасаа буцахаар оролдох үе бишгүй гарна. Тиймээс ойр ойрхон ярилцаж, сэтгэл санааг нь дэмжих, тухайн нөхцөлд ямар гаргалгаа байж болох зэргээр дотно найз нөхөд шиг ярилцах хэрэгтэй. Хүүхэд насны олон сайхан зүйлээс татгалзаад зогсохгүй сүүлийн зуны амралтуудаа шалгалтанд бэлдэж өнгөрөөх гээд хүүхдийг тань зөвхөн ЗАВГҮЙ ӨДРҮҮД л хүлээх болно. Найз нөхөд нь хичээлээ тараад кино театр руу, эсвэл гадаа сагсны шийд рүү явж байхад таны хүүхэд давтлага руу явна. Арай гэж тараад гэртээ ирээд дахиад л ХИЧЭЭЛ ХИЧЭЭЛ… найз нөхөдтэйгээ онлайнаар тоглох энэ тэр бол ховрын үзэгдэл болж хувирна. Энэ бүгдийг дэргэдээс нь харж буй ээжид олон, олон бодол эргэлдэж эхэлнэ. Зугаатай өнгөрөх ёстой хүүхэд насыг нь дээрэмдэж буй ч юм шиг, дэндүү их ядраан заавал тэр сургуульд явах алба байна уу, ер нь төвөг эрүүл саруул дэргэд харагдаад л байж байвал болох юм биш үү гэх мэтээр… Энэ бүгдийн дараа зорилгодоо хүрээд “Би IVY LEAGUE BOY болчихлоо штээ” гээд баярлан хөөрч буй хүүхдээ харах мөч ХАМГИЙН САЙХАН. Нөхцөл байдлыг тогтуун тайвнаар ажиглан харж байсан аав эцсийн мөчид хүүхдээсээ илүү баярлаж, дүү нартаа том боломжийн үүдийг нээж өгч буй талаар тайрбарласан юм. Гэр бүлийн гишүүний сурч төгссөн сургууль бусад гишүүдийн элсэлтийн шалгуурт нөлөөлдөг юм билээ.


Их сургуулийн элсэлтийн шалгуурт байж болох бүх зүйлийг орхилгүйгээр төлөвлөхөөр шийдсэн бол дунд сургуулийн сүүлийн 4 жилийг нэлээд их ачаалалтайгаар төлөвлөхөөс өөрцгүй болдог. Бидний хувьд ингэж төлөвлөсөн хэдий ч амжаагүй, оролдоод амжилт олоогүй зүйлүүд ч бас нэлээд байсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагааг уул нь төлөвлөсөн ч огт төлөвлөгөөний дагуу явж чадаагүй гэж хэлж болно. Цаг нь тулаад хичээлээс гадуурх үйл ажиллагааг цувуулаад бичихэд үгүй ээ бас яахав ээ нэг тийм алтан дундаж жагсаалт гаргасан байсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэгт хүүхэд илүү их санаачлагатай байж, нийгэмд чиглэсэн ажлуудыг багаар хийж гүйцэтгэсэн байвал илүү сайн санагдсан. Багшийн тодорхойлолтууд дээр ч гэсэн хугацааны хувьд асуудал үүсч, амжих амжихгүй дээр сандрах асуудал гарсан ч шийдэж чадсан. Тиймээс тодорхойлолт авах багш нараа эртхэн сонгоод 11 дүгээр анги төгсөхдөө хэлээд тарах хэрэгтэй санагдсан. Намар орж ирээд л багшдаа дахин, дахин сануулаад эртхэн тодорхойлолтоо бичүүлэх тал дээр анхаараарай. Амжилт бүтээлийн жагсаалтын хувьд 9-12-р ангиуддаа оролцсон уралдаан тэмцээнээ сургуулийн, дүүргийн, хотын, улсын, олон улсын хэмжээнд гэсэн ангиллаар бэлдэх хэрэгтэй. Олон улсын хэмжээнд гэхээр айхтар томоор сүрдэж хүлээж авах хэрэггүй юм. Энэ ангилалд Scholars Cup тэмцээний дэлхийн раундууд, Канад, Сингапур улсад зохиогддог стандарт математикийн олимпиадууд, мөн өөр бусад олон улсын гэсэн нэртэйгээр Монголд зохиогддог уралдаан тэмцээнийг төлөвлөх боломжтой. Элсэлтийн шалгуурын нэлээд чухалд тооцогддог эсээг анх бол сүрхий бүтэн нэг жил хэмээн төлөвлөсөн ч олон хичээл, шалгалтын ачааллаас болж амжилгүй байсаар элсэлтийн хугацаа хаяанд ирэхэд гэнэт л ухаан орсон юм шиг сандран бичсэнээр нийт эсээнүүдээ бичихэд 2-5 өдрийг л зарцуулж чадсан байх. Гэхдээ эсээний хувьд муу болсон гэж би хувьдаа дүгнээгүй, ийм богино хугацаа гэхэд дажгүй сайн биччихсэн байна овоо доо л гэж дотроо олзуурхсан. Учир нь тэр эсээнээс би энгийн атлаа бодит болсон явдлыг, үнэн хүсэл мөрөөдлийг олж харж чадсан. Эсээ бичих талаар сүүлд тусад нь блог бичихийг оролдоно гээд бодсон байгаа.

За одоо бидний гол найдвар байсан дүнгийн голч, ахисан түвшний хөтөлбөр, стандарт шалгалтууд зэргийн талаар бичье.


1. Дүнгийн голч


АНУ-ын их дээд сургуулиудын хувьд дунд сургуулийн дүнгийн голчийг 9-12-р ангийн бүх дүнгээр тооцон гаргадаг учраас 9 дүгээр ангиас хойших 4 жилийн дүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Гэнэт л хүүхэд 9 дүгээр ангиасаа сайн сураад эхлэхгүй учраас багаасаа тухайн анги бүрдээ судалж буй хичээлүүд дээрээ хариуцлагатай хандаж, сайн дүн авах ёстой гэсэн дадал, тэмүүлэлтэй болох нь их чухал. Ахлах ангийн дүнгийн голчийг өндөр гаргахын тулд хүүхэд хувийн зохион байгуулалт өндөртэй байж, даалгавруудаа цаг тухайд нь хийх, улирлын эцсийн шалгалтандаа сайн бэлдэх гээд маш их ачаалалтай болж ирдгийг эцэг эхчүүд сайн ойлгож, сүүлийн ахлах ангийн жилүүдэд нь хүүхдийнхээ гэр орны ажил болон бусад онц шаардлагагүй нэмэлт ачааллуудыг бууруулах, шим тэжээлтэй хоол унд байнга идүүлэх, хөдөлгөөн дасгал долоо хоногт 2 удаа заавал хийлгэхийг зорих, нойрыг бүрэн сайн авахуулах зэрэг дээр анхаарах нь их чухал. Мөн насны онцлогоос хамаараад гарч ирэх өөрчлөлтүүдийн талаар эцэг эхчүүд мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл насны онцлогоос болж эрт шууд унтах нь зарим хүүхдийн хувьд асуудалтай болж, шөнийн 1, 2 хүртэл унтахгүй байх зэрэг асуудал үүсдэг.


Хичээл номдоо шамдан сурсны үр шимийг хүртэж, аль ч сургуульд тэнцэхээр хамгийн өндөр GPA 4.0 оноог 12-р ангийн өвөл сургуулиуд руу илгээж чадсан. Гэвч 12-р ангийн хаврын семестртээ сургуульдаа орчихсон хэмээн тайвширч, япон хэлийг бие даан олон цагаар судалснаас үүдэн 3 хичээлийн урьдчилсан дүн нь 60-70 онооны хооронд ирж, анхааруулга сануулга аван дахин хичээснээр арай гэж л 3 хичээлээ 80-87 хооронд дуусгасан даа. Ингээд элсэлтийн өргөдөл гаргах үеийн GPA 4.0 албан ёсны дунд боловсролын гэрчилгээн дээр GPA 3.94 болсон юм.


2. Ахисан түвшний хөтөлбөр


Ахисан түвшний хөтөлбөр гэдэгт Collegeboard AP, Cambridge AS & A level, IB diploma гэсэн хөтөлбөрүүд ордог бөгөөд эдгээр хөтөлбөрийн хичээлүүдийн агуулга нь их сургуулийн агуулгууд байдаг учраас хүүхдийг өөрийгөө илүү их дайчлан хичээл зүтгэл гаргасныг, мөн их сургуульд орсон хойноо ачаалал даах чадвартай болсныг харуулах давуу тал болдог. Эдгээр хөтөлбөрийн хичээлүүдийг судалснаар зөвхөн элсэлтийн шалгуурт давуу тал болоод зогсохгүй их сургуульдаа кредит болгон шилжүүлж, цаг болон мөнгөө хэмнэх томоохон боломжтой. Бидний хувьд төлөвлөгөөний дагуу 10 дугаар ангид бие даан ахисан түвшний 2 хичээл, 11-р ангид бие даан 1, хичээлийн хөтөлбөрөөрөө 2 хичээл судалж, шалгалтуудыг маш сайн өгч чадсан. Харин сүүлийн 12-р ангид хичээлийн хөтөлбөрөөр 2 хичээл судалж, шалгалтыг өгөхөөр төлөвлөсөн хэдий ч мөн л дээрх 12-р ангийн хаврын асуудлаас үүдэлтэйгээр нэг хичээлийн шалгалтыг л өгсөн бөгөөд өгөхдөө маш муу гэж болохууц үнэлгээг авч, уг хичээлийг судалж, шалгалт өгснийхөө үр дүнг гаргаж чадаагүй.

Их сургуулийн агуулгыг 10 дугаар ангиасаа эхлэн судлах нь амар байгаагүй хэдий ч тэгж их хичээснийхээ үр шимийг хүртэж, амжилттай өгч чадсан 5 хичээлээ их сургуульдаа 21 кредитээр тооцуулан шилжүүлж, багагүй мөнгө болон цаг хугацааг хэмнэж чадсан.

3. SAT шалгалт, SAT subject test


Эдгээр шалгалтуудыг Америк болон бусад маш олон оронд ашигладаг их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт гэж ойлгож болно. Зарим хүүхдүүдийн гаргадаг том алдаа бол миний сонгосон сургуулийн элсэлтийн шалгуурт SAT шалгалтыг заавал гэдгээр тавиагүй байсан гээд уг шалгалтыг өгөхгүй байхаар төлөвлөдөг. Хэдийгээр заавал гэсэн шаардлага дотор бичээгүй ч гэсэн SAT шалгалтын сайн оноотой хүүхэд авах сонирхол аль ч сургуульд байдаг. Тиймээс ялангуяа шилдэг их сургуульд элсэхийг хүсч л байгаа бол, тэтгэлэгт хүсэлт гаргахыг хүсч л байгаа бол SAT шалгалтаас тойрч зугтах боломжгүй юм. Бидний хувьд эдгээр шалгалтыг 11 дүгээр ангийн хавар болон зун төлөвлөж өгсөн.

SAT шалгалт нь Англи хэл (Уншлага, хэлзүй дүрэм), Математик гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд тус бүрдээ 800 оноотой, нийлээд 1600 оноотой байдаг. Хүүхдийн тань авсан SAT шалгалтын оноо орохоор төлөвлөсөн их сургуулийнхаа өмнөх жилийн элсэгчдийн SAT шалгалтын дундаж онооны топ 25%-д багтаж чадвал илүү сайн байх болно. 1300-аас дээш оноо нь ихэнх сургуульд боломжийн гэж хүлээн зөвшөөрөгддөг хэдий ч Ivy League болон топ их сургуулиудын хувьд дор хаяж 1400+ оноо авах хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань 1400 оноотой бол бусад хүчин зүйл болох эсээ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэг дээр ч юмуу илүү давуу тал үзүүлэхийг зорих хэрэгтэй. Учир нь бусад элсэгч дунд 1500+ оноотой хүүхдүүд олон байгааг мартаж болохгүй. Дэлхийн өнцөг булан бүрт SAT шалгалтыг амжилттай өгөхөөр сургууль дээрээ өглөөнөөс орой хүртэл өнжин бэлтгэж байгаа олон хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдтэй л таны хүүхэд өрсөлдөж байгаа гэдгийг ойлгох нь чухал. Тиймээс SAT шалгалтын бэлтгэлийг эртнээс тогтмолжуулж хийх нь МАШ чухал. Хүүгийн хувьд англи хэлний хэсэг дээр 730, математикийн хэсэг дээр 790 гэсэн оноо авч, нийтдээ 1520 гэсэн оноог авсан. Англи хэл дээр бэлтгэл хийж, цаг хугацаа зарцуулахаар төлөвлөөгүй. Учир нь багаасаа л номын сайн нөхөр байсны ач тусаар тус шалгалтын англи хэлний хэсгийн бэлтгэлийг 1 дүгээр ангиасаа л тогтмол хийж байсан гэхэд болох байх. Тиймээс та бүхэн ч гэсэн энэ тал дээр сайн анхаарч, хүүхдээ англи номтой хамаг л боломжоор нь эртхэн нөхөрлүүлээрэй. SAT англи хэлний хэсгийн шалгалт бол унаган англи хэлтэй хүүхдүүдэд зориулагдсан шалгалт. Тийм ч учраас англи хэлний мэдлэгээс гадна шүүмжлэлт сэтгэлгээний уншлага ихээхэн чухал байдаг.

Математикийн хэсгийн хувьд хэдийгээр хичээлийн стандартаа анги бүрдээ хангалттай эзэмшээд явж байсан хэдий ч 8-р ангиас нь нэмэлт математикийн давтлагад тогтмол явуулж байсан бөгөөд түүний ач тусыг ч хүртэж чадсан гэж боддог.


SAT Subject Tests гэсэн шалгалт нь зөвхөн нэг хичээлээр дагнан өгөгддөг шалгалт юм. Жишээлбэл математикаар, түүхээр, химээр, физикээр гэх мэтээр нэг л хичээлээр дагнан өгдөг. Гэхдээ сүүлийн жилээс зөвхөн SAT шалгалтыг нь хэвээр үлдээгээд SAT Subject Tests шалгалтуудыг авахаа түр болиулаад байгаа. Тогтмол давтлагын ачаар SAT Math 1 subject test, SAT Math 2 subject test гэсэн шалгалтуудаа 780, 800 гэсэн үнэлгээтэй өгсөн. Дээд оноо нь 800 байдаг.

Та бүхэн https://www.number2.com/average-sat-score/ линк дээр даран их дээд сургуулиудын элсэгчдийн SAT шалгалтын дандаж онооны жагсаалтыг харж болохоос гадна мөн гарал үүслээс хамаарч хүүхдүүд ямар дундажтай өгдгийг ч харах боломжтой юм. Ази хүүхдүүдийн үзүүлэлт ямагт дээгүүр байдаг учраас Монгол хүүхдүүдэд боломж их бий.

SAT шалгалт өгөхөд юун дээр илүү их анхаарах талаар дараагийн блогоор оруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ Орхон ХаСү сургуулийн 12а ангийн суралцагч Ц.Мандах, SAT шалгалтанд бэлтгэдэг Орхон ХаСү сургуулийн багш нарыг урьж зөвлөгөөг нь сонсох болно оо.

Сургууль сонголтын хувьд орохыг мөрөөдөж буй сургуулиуд, бараг орох боломжтой сургуулиуд, баталгаатай орж чадах сургуулиуд гэсэн 3 хувилбараар ангилсан. Нийт 11 их сургуульд компьютерийн шинжлэх ухаан (computer science) мэргэжлээр элсэх хүсэлт гаргаснаас 3 сургуулиас нь татгалзсан хариу сонсож, 8 их сургуульд нь тэнцсэн үр дүн хүлээж авсан юм.


1. MIT - World rank #4 - Тэнцээгүй

2. University of California, Berkeley - World rank #5 - Тэнцсэн

3. University of Chicago World rank #10 - Тэнцсэн

4. Cornell (Ivy league) - World rank #12 - Тэнцсэн

5. University of California, Los Angeles World rank #13 - Тэнцээгүй

6. University of California San Diego World rank #18 - Тэнцсэн

7. University of Michigan - World rank #22 - Тэнцсэн

8. University of California Santa Barba - World rank #49 - Тэнцсэн

9. University of California Irvine - World rank #69 - Тэнцсэн

10. University of California Davis - World rank #91 - Тэнцсэн

11. Georgia Institute of Technology World rank #101-150 - Тэнцээгүй


Ямартаа ч манай гэр бүл хамтын хүчээр зорилгодоо хүрч, хүү маань шилдэг их сургуулийнхаа хаалгаар орж чадсан. Гэхдээ их сургуулийн хаалгаар ороод л амралт эхлэх юм шиг зүтгэсэн 4 жилийн энэ их ачаалал нь ердөө БАГАХАН ЭХЛЭЛ байсныг их сургуулийн эхний нэг жил  нь ойлгуулах шиг боллоо. Магадгүй энэхүү 4 жилийн хичээл зүтгэл, ачаалал даах чадвар нь босго өндөртэй их сургуулийг амжилттай төгсөх суурь чадамжийн үндсийг хүүхдүүдэд суулгаж өгдөг ч байж болох юм. Мэргэжлээ солих, хүнд хичээлүүдээ хэдийд сонгох гэх зэргээр бидний оюуны адал явдал өрнөсөөр л байна.



bottom of page