top of page

Бид хүүхдийнхээ дүнг хянах нь зөв үү?



2012 он - Таагүй дүнгийн хуудас ирсэн өдөр…


Том хүүгийн 3 дугаар ангийн хавар нь билүү, зун нь билүү яг таг тодорхой санадаггүй ээ. Ямартаа ч манай гэрийн бүхэл бүтэн хэдэн жилийн жаврыг үргээж өгсөн их л айхтар эд ирж билээ. Тус жаврыг тайлахдаа би гэдэг хүн хүү рүүгээ их л муухай орилж, чаралж агсарсан байдаг юм. Тэгээд ч зогсохгүй их л уур нь хүрсэн ээж эцэг эхийн өдрөөр нь биеийн тамирын багшийг нь онилж, 78 тавьсан дүнг нь барин уулзаж билээ. Уулзалт ч мэдээж яаж олигтой болох билээ дээ. Уур уцаартаа хөтлөгдсөн хүн өөрөөсөө дутагдал хайж олж чадах биш, бусад руу чичсээр таардаг үзэгдлийг давтсан л хэрэг.


Гарц юу байж болох билээ? гэж бодлоо, уншлаа, эцэст нь өөртөө хэтэрхий их наалдуулсан үзэл бодолдоо буулт хийлээ. Сургууль удирдаад 3 жил болсон атал захирал гээч хүн би нь аль багаас өөртөө бий болгосон хичээлийг ялгаварлан үздэг үзэлтэйгээ зууралдсан хэвээр байснаа ойлгосон юм. Дэндүү гунигтай байгаа биз...


ХИЧЭЭЛҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАХГҮЙ ХАНДДАГ БАЙХ НЬ БИД ХҮҮХДҮҮДДЭЭ ӨВЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ЗӨВ ХАНДЛАГУУДЫН НЭГ ЮМ БИЛЭЭ.

Биеийн тамирын багшийн хэлсэн “Яг тухайн спортын элементийг өндөр ур чадвартай гүйцэтгээгүй л бол А үнэлгээг авах БОЛОМЖГҮЙ шүү дээ” гэдэг үгийг эргээд тайвнаар бодож үзлээ. Тиймээ энэ үнэхээр ҮНЭН атлаа ГАШУУН үг байсан. Хүүтэйгээ яагаад А авах боломжгүй байсан ч В авч болоогүй талаар ярилцаж, 2 удаа заал руугаа ороогүй хичээл тасалсан байснаас С авах болсон талаар хоёулаа хөөрөлдлөө. Заавал А авах хэрэггүй, боломж ч бага байж мэдэх юм байна, гэхдээ хоёулаа хичээл зүтгэлээрээ ядаж В авцгаая гэж тохирч, тэр тохироо ч сайн биелсэн.


Энэ явдлаас хойш манай хүүхдийг зураг дээр С гаргахдаа яахав дээ, үгүй тэр багш одоо юу вэ бла бла, сургууль төгсөх ангийн хүүхдийг биеийн тамир дээр В гаргахдаа яахав дээ бла бла гэсэн хэл ам эцэг эхчүүд мэр сэр хийсээр л, багш нарыгаа заримдаа өмнөөс нь өрөвдсөөр л... Сургуулиас мэдээж үнэлгээг бодит байлгах шаардлагыг л багш нартаа тавьж байгаа.


ХҮҮХДИЙНХЭЭ ДҮНД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ГЭХДЭЭ ЗӨВ ҮЕД НЬ ЗӨВ АРГААР…

Огт ойлгож ярилцахгүйгээр хүүхдийнхээ дүнгийн үнэлгээний тоон үзүүлэлтэд шууд ач холбогдол өгч, хүүхдээ зэмлэн шахах бол эцэг эхчүүд бидний хэрэглэдэг ХАМГИЙН МУУ АРГА юм билээ. Харин эсрэгээрээ хүүхэдтэйгээ сайн ярилцаж, юун дээр алдаа гаргав, үүнийг засах боломж бий юу, хоёулаа хичээгээд үзье, хүүдээ охиндоо итгэж байна, дараагийн улирлаар энэ оноогоо жаахан ахиулцгаая гэх мэтээр ярилцах нь хүүхдэд ихээхэн ДЭМ болж өгдөг санагдсан. Энэ аргыг хэрэглээд үзэхэд дараагийн удаа хүүхэд тань өөрөө инээд тодруулаад та миний дүнг харсан уу гэж түрүүлж сануулах болно шүү.


Хүүхдийнхээ дүнд багаас нь хяналт тавихгүй явсаар гэнэт ахлах ангид нь муу дүнтэй байхыг нь анзаарч арга хэмжээ авах гэж оролддог эцэг эхчүүд багагүй байдаг. Даанч тэр үед хүүхэд эргэж хичээлээ нөхөж гүйцэх цаг хугацаа, эцэг эхийн үгийг сонсон ухамсарлаж хүлээж авах дадал, өөртөө итгэх итгэл зэрэг асуудлууд дээр оройтсон байх тал их бий. Эцэг эхчүүд маань миний хүүхэд дажгүй, асуудалгүй, өөрөө өөрийгөө болгочихдог, биеэ даачихсан гэж итгэж бага, дунд ангид нь хичээл ном нь юу болж байгаа дээр анхаарал хандуулж, тусламж үзүүлээгүй хаях үзэгдэл их байдаг. Таны хүүхэд хичнээн таны бодож буй шиг МУНДАГ ч гэлээ, хүүхэд гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэдэнд сатаарах зүйлс, сонирхох зүйлс маш олон гарч ирж тэдгээр нь байнга солигдож байдаг. Тиймээс хүүхдийнхээ зөвхөн хичээл биш бусад бүх зүйлийг нь хамтран дэмжиж, аль алийг нь орхигдуулахгүйгээр хэрхэн хоцрогдолгүй урагшлах вэ гэдэг дээр л хамтрах нь чухал. Хүүхэдтэйгээ хамтарч цаг тухай бүрд нь арга хэмжээгээ авч явснаар хүүхдэд тань багаас нь зөв дадал сууж, ахлах ангидаа таны оролцоо хэрэггүй жинхэнэ МУНДАГ нэгэн болж төлөвшсөн байх болно. Тиймээс ахлах ангид нь гэнэт анзааран уурлаж, муудалцах биш, бага, дунд ангид нь байнга хамт байж, зөв дадал суулгах нь ХАМГИЙН ЗӨВ арга санагдсан.

bottom of page