top of page

Хайнан хамт олноор хямд гэгч нь аялав.

Updated: Mar 25, 2022

Тэсгэм өвлийн хүйтэнд Хайнан арал дээрээ олноороо жаргаж гэнэм.

Хамт олноороо аялах гэдэг ажлыг 2010 онд анх хэрэгжүүлж эхлэхдээ бид жил бүр дотоод, гадаад аялалуудыг ээлжлээд хийцгээж байя хэмээн төлөвлөж, 2010 онд Хархорин, Төвхний хийд, Улаан цутгалан, 2011 онд Бээжин, 2012 онд Хөвсгөл далай, 2013 онд Хонг Конг, Макао, Вьетнам, 2015 онд Бээжин, Малайз, Сингапур, Тайландын Пукет арал, Банкгог хот гэсэн газруудаар аялжээ. 2014 оноос эхний төлөвлөлтөндөө өөрчлөлт оруулж, дотоодын аялалыг хамт олноор бус гэр бүлээрээ хийцгээгээд 3 жилдээ нэг удаа гадаад аялал хийцгээхээр болсон билээ.


Өнгөрсөн он буюу 2019 оны сүүлээр бид бүхэн ээлжит гадаад аялалаа хийж, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хятадын Хайнан арлын Саняа хотод 6-13 хоногийг өнгөрүүллээ. Хайнанд 28 хүн нь 6 шөнө 7 өдрийг өнгөрүүлсэн бол үлдсэн 20 нөхөд нь 12 шөнө 13 өдрийг өнгөрүүлжээ.

Хайнаны аялалын хувьд 6 шөнө 7 өдрийн аялалыг нэг том хүнээр тооцож, бүх зардал мөнгийг нэгтгэвэл:

  1. Замын зардал 760000 төгрөг - Бидний аялах чин хүслийг аялалын бурхан ивээж, УБ-Саняа 2 талдаа Airchina нислэгээр том хүн 760000 төгрөгөөр, хүүхэд 565000 төгрөгөөр ниссэн байдаг юм. (уул нь энэ нислэг 2050000 төгрөг байсан ккк)

  2. Зочид буудлын 6 шөнө 311650 төгрөг - Бид Саняад усан сан, хувийн далайн эргэтэй 5 одтой зочид буудалд байрлацгаав.

  3. Үзвэр, унаанууд 357500 төгрөг - Үзвэрүүдийн хувьд Yalong bay tropical forest park, Atlantis Adventure Water Park, The Lost Chambers Aquarium, Monkey Island, Sanya Night Cruise аялал зэргийг үзэж сонирхсон бол унааны хувьд 50 хүний аяллалын автобус түрээслэсэн болно. Мөн завсар зайгаар нь үнэ төлбөргүйгээр Yalong bay beach , Dadonghai beach гэсэн далайн эргүүдээр очиж, далайн давалгаатай наадан цэнгэснээс гадна олон хүн зочид буудлынхаа усан бассейнд орой үдшийн цагаар идэвхтэй сайн сэлэх оролдлогууд хийснээр сэлж сурчээ.

  4. Хоол болон ойр зуурын хэрэглээний мөнгө 400000 төгрөгтэй явцгаая гэж тохирч явцгаасан.


Ингээд нийт 6 шөнө, 7 өдрийн нэг том хүний зардал карманы мөнгө энэ тэртэйгээ бүгд 1829500 төгрөг болжээ. 12 шөнө, 13 өдөр болсон хүмүүсийн хувьд буудал, хоолны зардал нэмэгдсэн. Буудал нь дотроо гал тогоотой тул сүүлийн 6 хоног ихэвчлэн өрөөндөө хооллоцгоож, далайн эрэг, усан сан дээр өнжицгөөсөн болно.


Бас нэгэн сайхан дурсамжийг хамтдаа бүтээцгээсэн багш нартаа маш их баярлалаа. Дараагийн аялалын маршрутаа эртхэн шийдээд, аялалын хуримтлалаа зогсолтгүйгээр нэмэгдүүлж, үргэлжлүүлцгээе. Хайртай шүү , маш ихээр, ах эгч дүүс шиг минь л ойр дотно санагддаг шүү та нар минь .




Comentarios


Ya no es posible comentar esta entrada. Contacta al propietario del sitio para obtener más información.

Таныг хүндэтгэсэн Лхагвасүрэнгийн Баянжаргал

bottom of page