top of page

Пестицитнээс айгаад жимс идэхгүй байх нь зөв үү?

Updated: Mar 25, 2022

Миний хувьд жимс ногоог дандаа хальсалж хэрэглэдэг хүн л дээ буруу гэдгийг мэддэг ч пестицитнээс нь айгаад ийм сонголт хийдэг байсан гэх үү дээ. Хальслахгүйгээр идэх эрүүл арга зам байна уу гээд жаахан судалж үзлээ. Олж мэдсэн зүйлээсээ багахан хуваалцая гэж бодлоо. Гэхдээ үүнийг мэдэж буй хүмүүс их олон байгаа байхаа.


Хамгийн эрүүл номер нэг сонголт бол мэдээж органикаар ургуулсан жимс ногоо худалдан авч хүнсэндээ хэрэглэхийг хичээх явдал юм. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөлд бид Монголд органик сонголтыг хүсээд ч хийж чадахгүй байна. Ялангуяа нэрс, аньс, чацарганаас бусдаар жимсэнд бол бүр огтхон ч органикыг олох боломж байхгүй байна гэж хэлж болно. Монголд тарьсан болгон бас эрүүл биш, зарим нөхцөлд ургуулсан нь бидний муулдаг Хятад ногооноос ч дор байж мэднэ. Гэхдээ нэгдсэн стандарт, дүрэм, хэмжилзүй, хяналт сайжирвал цаашид органик боломжууд нэмэгдэх байх гэж итгэдэг.


Органик болон органик бус зарагдаж байгаа жимс ногоон дахь шим тэжээл бол ижилхэн байдаг гэнэ. Харин органик бус ногоонд байгаа химийн үлдэгдэл, пестицитийг хүний биед хор нөлөө учруулахгүй байх хэмжээнд багасгаж идэж сурах л хэрэгтэй юм шиг байна.


Жимс ногоог яг идэхийн өмнө идэх хэмжээгээрээ угаах хэрэгтэй гэнэ. Учир нь урьдчилаад угаасан жимс ногооны чийгэнд бактериа үүсэх боломжтой гэжээ. Ногоо жимсийг угаахад хамгийн сайн пестицитийг арилгадаг арга зам нь 1л хүйтэн усанд 10 грам хүнсний сод хийгээд 12 минут болгох гэсэн байна. Бусад цэвэрлэх аргатай харьцуулахад хэрхэн өндөр үр дүнтэй хальсан дахь бүх пестицитийг арилгах боломжтой байгааг зурагнаас хараарай. Гэхдээ үүний үр дүнд зөвхөн хальсны пестицит бүрэн арилах болохоос биш жимсний дотор агуулагдаж буй пестицит нь арилдаггүй гэжээ. Нийт пестицитийн 80% нь гадна хальсандаа байдаг тул ингэж угаагаад идэхэд хор хөнөөл учрахгүй хэмжээнд цэвэрлэгдэнэ гэсэн байна.


Пестицитнээс айгаад жимс идэхгүй байх нь ихээхэн буруу огт идэхгүй байснаас энэ аргаар жимс ногоогоо цэвэрлээд идэх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай гэсэн байна шүү. Жимс ногооны пестицит нь хүний өдөрт аюулгүйгээр авч болох боломжит пестицитнээс 100 дахин бага байдаг гэдгийг хүмүүс анхааралдаа авах нь чухал гэжээ.

Жимс ногоог хальсалж идэхэд шим тэжээл нь багасдаг. Жишээ нь 7.5см хэмжээтэй алимыг хальстай нь идвэл эслэг нь 2 дахин, кали нь 25%, А витамин нь 40% иар илүү байдаг байна.

Алим болон априкотны хальсанд витамин С болон А, уусдаггүй эслэг их байдаг бол лийр, тоор жимсний хальсанд антиоксидант нь 13%-48%иар илүү байдаг байна.

Бас нэг сонин зүйл нь кивиний хальсыг идэх боломжтой бөгөөд хальсанд нь витамин С их байдгаас гадна эслэг нь 3 дахин их байдаг гэнэ.

Өргөст хэмхний хальс витамин К, эслэг, кали ихтэй. Ногоон хулуу болон хаш ногооны хальсанд магнезиум болон эслэг агуулагдаж байдаг.


Өдөрт 2.5 аяга жимс ногоо идвэл зүрх судасны өвчин, хорт хавдрын эсрэг нөлөөтэй гэж судалгаагаар гаргажээ. Гэсэн ч АНУ-ын насанд хүрэгчдийн 40% нь өнөөдөр өдөрт нэгээс бага аяга жимс ногоо идэж байгаа нь асуудал юм гэжээ.


За тэгээд Монголын маань сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Одгэрэл саяхан нэг зүйл ярьсан даа. Өдөрт заавал 1 алим, 1-2 киви, атга үзэм, атга ааруул, болвол авакода иддэг гэж ккк. Бас л супер доз гэж бодож байна. Алимнаас эслэгээ аваад кивинээс витамин С-гээ аваад, үзэмнээс кали, ааруулнаас кальц гэх мэтээр...

Зурагны график дээр жимсний хальсны пестицит хэрхэн цэвэрлэгдсэн байдлыг харуулжээ. Зүүн гар талаас эхнийх огт угаагаагүй, 2 дахь нь 2 минут блийч ашигласан бол, дараагийнх нь 2 минут ус ашигласан, дараагийнх нь хүнсний содтай усанд 2 минут байлгах, хамгийн сүүлийнх нь хүнсний содтай усанд 12 минут болгосон үр дүнг харуулжээ.


bottom of page