Үе тэнгийн дээрэлхэлтийг хэрхэн бодитоор бууруулах вэ?
- Apr 5
- 2 min read
Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал, мэдээллүүд нэлээд их яригдах боллоо. 17 жил ерөнхий боловсролын сургуулийн орчинд ажилласан хүний хувьд нэг зүйл дээр баттай зогсож чадна — дээрэлхэлтийг шийдэх хамгийн зөв арга нь ШИЙТГЭЛ биш, харин УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ юм.
Орхон ХаСү сургуулийн хувьд бид энэ асуудлыг гарсны дараа арга хэмжээ авах биш, харин анхнаасаа үүсэх нөхцөлийг нь багасгах зорилготой ажилладаг. 4–8-р ангиудад 14 хоног тутам Кембрижийн хөтөлбөрийн “Сэтгэл зүйн сайн сайхан байдал” (Wellbeing) хичээлийг сэтгэл зүйч нар, харин Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг нийгмийн ажилтнууд заадаг. Энэ нь хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн ур чадварыг багаас нь шат дараатай хөгжүүлэх цогц ажил юм.

Зураг 1. Кембрижийн “Сэтгэл зүйн сайн сайхан байдал” (Wellbeing) хичээл
“Эх сурвалж: Орхон ХаСү сургууль”
Нас насанд тохирсон, шаталсан хөгжил
Бид энэ ажлыг хүүхдийн насанд нь тохируулан системтэй хэрэгжүүлдэг.
1–3-р анги:
Хүүхдүүд найз нөхөрлөл тогтоох, маргааныг тайван шийдэх, бусдыг сонсох, хувийн хил хязгаарыг ойлгож хүндлэх зэрэг суурь чадваруудыг эзэмшинэ. Энэ үед дээрэлхэлтийн эсрэг анхны “дархлаа” бий болдог.
4–6-р анги:
Сурагчид дээрэлхэлт ба тоглоомын ялгааг ойлгож, асуудал гарвал хэрхэн зөв хандахаа мэддэг болно. Үе тэнгийн дарамтыг таних, өөрийгөө илэрхийлэх, бусдын ялгаатай байдлыг хүндлэх чадварууд хөгждөг.
7–9-р анги:
Ойлголтууд гүнзгийрч, сурагчид зүгээр ажиглагч биш, зөв талд зогсож чаддаг болдог. Мөн зөрчлийг зөв шийдэх, хамт олондоо өөрийгөө үнэ цэнтэй гэж мэдрэх, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар төлөвшинө.
Wellbeing ба ёс зүйн боловсролын үүрэг
Wellbeing хичээлээр хүүхдүүд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, илэрхийлж, удирдаж сурдаг. Мөн өөрийн үг, үйлдэл бусдад хэрхэн нөлөөлдгийг ойлгож эхэлдэг. Энэ нь дээрэлхэгч, хохирогч, ажиглагч гээд аль ч байр сууринд байгаа хүүхдэд нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв хандах суурь болдог. Хамгийн чухал нь — хүүхэд өөрийгөө аюулгүй биш, эсвэл тухгүй мэдэрч байвал хэнд, хэрхэн хандахаа мэддэг болох явдал юм.
Иргэний ёс зүйн боловсролоор бид зөвхөн дүрэм заадаггүй. Харин бусдыг хүндлэх, зөрчлийг хүчирхийлэлгүй шийдэх, зөв харилцах, бусдад туслах зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлдэг. Энэ нь дээрэлхэлтийн суурь шалтгаануудыг багасгахад шууд нөлөөлдөг.
Багш, сэтгэл зүйчийн хамтын оролцоо
Манай сургуульд 3 сэтгэл зүйч ажиллаж байгаа ч бүх ангид тогтмол хүрч ажиллахад ачаалал өндөр байдаг. Тиймээс 1–3-р ангид анги удирдсан багш нарт чиглүүлэг өгч, тухайн агуулгуудыг багш нар хэрэгжүүлдэг.
Ер нь хүүхдийн сэтгэл зүй, харилцааны хөгжил гэдэг зөвхөн сэтгэл зүйчийн ажил биш — багш бүрийн оролцоотой явагддаг процесс. Учир нь багш нар өдөр бүр хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс юм.
Судалгаа, эрт илрүүлэлт
Бид ажиглалт, тандалт, оношилгоонд суурилсан судалгааг тогтмол авч, асуудлыг эрт илрүүлэхийг зорьдог. 9-р ангиас эхлэн нийгмийн ажилтан долоо хоног бүр ажиллаж, ахлах ангиудад сэтгэл зүйн чиглэлийн уулзалтууд тогтмол зохион байгуулагддаг.
Мөн энэ жилээс Кембрижийн IGCSE хөтөлбөрийн Сэтгэл судлал хичээлийг 9-р ангиас эхлэн судлуулж, сонгосон сурагчид долоо хоногт 3 цагаар үзэж байна.
Цаашид бүх ахлах ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсролыг илүү тогтмолжуулах, мөн бага ангийн wellbeing хичээлийг мэргэжлийн сэтгэл зүйчээр заалгах зорилгоор хүний нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Дүгнэлт
Бид “БИТГИЙ ДЭЭРЭЛХ” гэж хэлдэггүй.
Үр дүнд нь хүүхдүүд АЙСАНДАА биш, ОЙЛГОСОНДОО зөв үйлдэл хийдэг.



Comments